Тайвань
Wikipedia-с
Contents |
[Өөрчлөх] Түүх, нийгэм эдийн засгийн байдал
[Өөрчлөх] Түүхэн тойм
Минь улс /1368-1644/ унасны дараа Минь улсын ард иргэд Тайвань руу үй олноороо дүрвэн гарсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Чинь улс нь Минь улсыг эзэлж 1683 онд Тайванийг өөрийн эрхэндээ оруулсанаар Тайвань нь албан ёсоор Хятадын эзэнт улсын нэг хэсэг нь болсон. 1894-1895 оны хооронд болсон Япон Хятадын дайнд туйлдаж мөхөсдсөн Чинь гүрний эзэнт хаан Ли Хун Жан гадны хүчинд автагдан тэгш бус гэрээ байгуулж /Шимоносэкийн гэрээгээр/ Тайванийг Япончуудад шилжүүлэн өгчээ. Япончууд Тайвань аралд дарангуйллаа тогтоож тайваньчуудыг их сургууль, коллежид орохыг нь хязгаарлаж, тэднийг төр засгийн болон улс төрийн албан тушаал хашихыг хориглосон. Япончууд дэлхийн 2 дугаар дайнд ялагдсаныхаа дараа 50 жилийн турш ноёрхсон тус арлыг 1945 оны 10 дугаар сарын 25-нд Хятадад буцаан өгсөн байна. 1949 оны 12 сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань /Формоза/ арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгт хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид , улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд тийшээ явж нийт 2 сая хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кайшигийн цэргүүд байсан. Тэд явахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний музейд хадгалагдаж байна.
[Өөрчлөх] Газар зүйн байрлал
Тайвань нь зүүн өмнөд Азид Япон, Филиппин улсуудын хооронд байрладаг томоохон арал юм. Тайвань нь Хятадын эх газраас Тайваний хоолойгоор зааглагддаг бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ нь 36 мянган хавтгай дөрвөлжин км, уртаашаа 394 км, өргөөшөө 144 км бөгөөд хойноосоо урагшаа үргэлжилсэн тогтоцтой. Эдүгээ Тайваний засгийн газрын мэдэлд Тайвань арлаас гадна Пескадорын арлууд /Pesvcadores/ Зиньмэнь /Quemoy/, Мазу /Matsu/ арлууд хамаарагдаж байдаг байна.
[Өөрчлөх] Хүн ам
Тус арлын хүн амын тоо нь 23 саяд хүрчээ. Нийт хүн амын 59% нь Тайвань арлын 4 том хот болох Тайбэй, Гаошүнь, Тайжүнь, Тайнань хотуудад төвлөрдөг бөгөөд хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг нь Тайбэй, удаах нь өмнөд хэсэгт орших Гаошүнь хот юм. Тус арлын хүн амын тоо сүүлийн жилүүдэд хурдтай өсч, хүн амын дундаж наслалт уртассан бөгөөд 1995 оны байдлаар нийт хүн амын 7.6% нь 65-аас дээш насны хүмүүс байжээ.
[Өөрчлөх] Нутгийн уугуул иргэд
12-15 мянган жилийн өмнөөс Тайвань арал дээр анхны уугуул хүний мөр гарсан гэж үздэг. 1996 оны байдлаар тус арал дээр 8 овгийн 380000 уугуул иргэн аж төрж байна. Уугуул иргэдийн үндэсний соёлын өв уламжлал, зан заншил, эрх ашгийг хамгаалах уугуул Иргэдийн Хэргийг Хамгаалах Зөвлөл ажилдаг байна.
[Өөрчлөх] Шашин
Тайваньд шашин шүтэх эрх чөлөө нь Үндсэн Хуулиар баталгаажсан байдаг. Арлын хүн амын дотор 11 саяас дээшnх нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд сүм хийдийн тоо 16 мянгаас давжээ. Тайванийн Хятадуудын хувьд зонхилох хэсэг нь Даоизм ба буддын шашин шүтдэг бол зарим хэсэг нь Христийн, Исламын, Күнзийн болон бусад олон төрлийн шашин шүтдэгийн зэрэгцээ гадаадаас орж ирж буй олон тооны шашны урсгал чиглэлүүд тэгш эрхтэйгээр эн зэрэгцэн оршин тогтнож байна.
[Өөрчлөх] Хэл
Тайваний хүн амын 3/4 нь хятад хэлний мандарин буюу төв аялгуугаар ярьдаг бөгөөд төрийн албан ёсны бичиг үсэг нь ханз үсэг юм.
[Өөрчлөх] Засгийн газар
Эдүгээ Тайваний Засгийн Газар өөрийгөө БНХУ-ын Засгийн Газар хэмээн нэрийддэг байна. 1912 онд Хятадын үндэсний хувьсгалын удирдагч Сун Ят Сен БНХУ–ыг байгуулсан бөгөөд 1949 онд тус Бүгд Найрамдах Улсын Засгийн Газар Тайвань арал руу хөөгдөж, Мао Зэ Дун тэргүүтэй коммунистууд Хятадын төрийн эрхийг авч, БНХАУ–ыг байгуулснаар БНХУ–ын Засгийн Газрын эрх мэдэл нь зөвхөн Тайвань арлаар хязгаарлагдах болж, Дэлхий дахинаа Хятад улсыг төлөөлөх эрх мэдлээ аажмаар алдсан юм. БНХУ буюу Тайвань 1971 онд НҮБ дахь суудлаа алдаж, түүний орыг эдүгээгийн БНХАУ эзэлжээ. Улмаар 1979 онд АНУ БНХАУ–тай Дипломат харилцаа тогтоосноор Гоминданы намаар удирдуулсан БНХУ олон улсын тавцанд Хятадыг төлөөлөх боломжоо алдсан бөгөөд 1980-аад оны дунд үеэс Гоминданы Засгийн Газар бодит байдалтай эвлэрч, арлынхаа хил хязгаарт зохицсон прагматик төрийн бодлого баримтлахыг эрмэлзэх болсон юм. Тайвань нь Үндсэн Хуулийнхаа дагуу нилээд өвөрмөц төрийн бүтэцтэй. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч, Таван юань, Бүх Ард Түмний Үндэсний Их Хурал гэсэн гурван шатны институцаар дамжуулан төрийн удирдлагаа хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч Үндэсний Их Хурлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг, англиар “Five Branches of National Govermment” хэмээн нэрлэдэг. Гүйцэтгэх Юань /Executive yuan - манайхаар засгийн газар/, Хууль Зүйн Юань /Legislative Yuan -Heel, Хууль Тогтоох дээд байгууллага/, Шүүхийн Юань /Examination Yuan/, Хяналтын Юань /Control Yuan/ хэмээх таван байгууллага нэгдэж Үндэсний Засгийн Газраа бүрдүүлдэг.
[Өөрчлөх] Ерөнхийлөгч
1996 оноос өмнө Тайваний ерөнхийлөгч нь Үндэсний Их Хурлаас сонгогддог байсан бол мөн оны гуравдугаар сараас эхлэн бүх ард түмний сонгуулиар сонгогддог болжээ. Сонгууль 4 жилд нэг удаа явагддаг. Тайваний өнөөгийн ерөнхийлөгчөөр Ардчилсан дэвшилт намаас сонгогдсон Чэнь Шуй Бянь ажиллаж байна.
[Өөрчлөх] Улс төрийн намууд
1996 оны 12 сарын байдлаар Тайваний Дотоод Явдлын Яамны бүртгэлд 82 улс төрийн нам бүртгэгдсэн байна. Гэвч тэдгээр намуудаас хамгийн нэрд гарсан нөлөө бүхий намууд бол Гоминданы /КМТ/, Ардчилсан Дэвшилт нам /Democratic Progressive Party/, Шинэ нам /New Party/ юм. Гоминданы нам нь 1894 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан. 2.1 сая орчим гишүүдтэй. Намын эрх барих дээд байгууллага нь намын Үндэсний Их Хурал. Ардчилсан Дэвшилт Нам нь 1986 оны 9 сарын 28–нд байгуулагдсан, 90 мянга орчим гишүүдтэй. Зохион байгуулалтын хувьд Гоминданы намтай төстэй. Шинэ нам нь 1993 оны 8 сард байгуулагдсан. Гоминданы намын шилдэг хэсэгт тооцогддог байсан 7 гишүүн үзэл санааны зөрчлөөс болж намаасаа гарч уг намыг байгуулжээ. Тус нам дээрх 2 намаас зохион байгуулалтын хувьд харьцангуй өөр. Намын төв удирдлага нь үндэсний компани ба хөгжлийн зөвлөл 1996 оны байдлаар 71.700 гишүүн бүртгэгдсэн байна.
[Өөрчлөх] Гадаад харилцаа
Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайваний олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд БНХАУ-ын "нэг Хятадын бодлого"-ын шахалтанд орж Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан буюу шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм. 1971 онд Тайвань нь НҮБ-ын гишүүн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний байр сууриа алдсан явдал нь гадаад харилцаа, гадаад нэр хүндэд нь хүнд цохилт өгсөн юм. Тиймээс эдүгээ Тайваний Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаархи бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, нэгд нь консулын газартай ажээ. Тайбэй хотод гадаадын 44 орны 48 төлөөлөгчийн газар нийгэмлэг, виз эрхэлдэг байгууллага ажилладаг байна. Тайвань нь өөрөө олон улсын 893 төрийн бус байгууллагын идэвхитэй гишүүн юм.
[Өөрчлөх] Эдийн засаг
Сүүлийн жилүүдэд Тайваний эдийн засаг гайхамшигтай хурдан хөгжиж, дэлхийн өндөр хөгжсөн, томоохон эдийн засгуудын тоонд зүй ёсоор орох болсон юм. Гадаад худалдааны хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог байна. 7 жилийн өмнөх байдлаар ҮНБ–ий хэмжээ 263.6 тэрбум америк доллар, ДНБ–ий хэмжээ 260.8 тэрбум америк доллар байсан аж. Мөн 1995 оны байдлаар нэг хүнд ноогдох ҮНБ-ний хэмжээ 12.439 америк долларт хүрсэн үзүүлэлт гарсан байдаг юм. Байгалийн баялаг хомсдмол, дотоодын зах зээлийн хязгаарлагдмал байдал зэргээс шалтгаалан Тайваний эдийн засаг нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай. 1995 оны байдлаар гадаад худалдааны нийт хэмжээ 215.3 тэрбум америк долларт хүрчээ. Тайвань нь 1980-аад оны сүүлээс эхлэн нээлттэй эдийн засгийн бодлого явуулж импорт, экспортын татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Тайваний гол экспортлогчид нь АНУ, Гонконг, Япон зэрэг орнууд бөгөөд эдгээрт нийт экспортын 60% нь ноогддог байна. 1995 оны байдлаар АНУ-д гаргасан нийт экспортын хэмжээ 26.41 тэрбум америк доллар, Хонконгд 26.1 тэрбум, Японд 13.2 тэрбум америк долларт хүрчээ. Мөн Европ ба өмнөд Азийн орнууд руу хийсэн экспортын хэмжээ 2.97 тэрбум, 14 тэрбум америк долларт тус тус хүрчээ. Импортын нийт хэмжээ 103.6 тэрбум америк доллар хүрч, үүний 30 орчим хувь нь Японы, 20 орчим хувь нь АНУ-ынх, 27% нь Европ ба өмнөд Азийн орнуудынх эзэлж байсан байна. Мөн 1995 оны байдлаар БНХАУ-тай 22.5 тэрбум америк долларын худалдаа хийсэн байна.