Япон
Wikipedia-с
Япон Улс (日本国、Ниппон, Нихон) нь Ази (Еврази)-ийн зүүн хэсэгт Номхон далайн баруун хэсгээр орших арлын улс юм.
|
|||||
Албан ёсны хэл | Япон хэл | ||||
Нийслэл хот | Тоокёо | ||||
Нийслэлийн орших газарзүйн солбилцол | 35°41' N, 139°46' E | ||||
Эзэн хаан | Акихито | ||||
Ерөнхий сайд | Абэ Шинзоо | ||||
Газар нутгийн хэмжээ - Бvгд - % ус |
Дэлхийд 60-рт 337,835 км² 0.8% |
||||
Хvн ам - Бvгд(2004) - Хүн амын нягтрал |
дэлхийд 10 127,333,002 337.01/км² |
||||
Тусгаар тогтнол - |
Бурхдын домогт үндэслэвэл, 2 дугаар сарын 11, МЭӨ 660 он |
||||
Мөнгөний нэгж | Йен (JPY) | ||||
Цагийн бүс | Гринвичийн цагийн бүсээс +9 | ||||
Улсын нэрийн код | JP, JPN | ||||
Утасны код | 81 |
Contents |
[Өөрчлөх] Оршил
Япон нь Дэлхийн 2 дугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон Улс нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-ын дараа 2-рт ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдоо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улс(ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ。)-уудтай, Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Хятад Ард Улс(Тайвань) зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез(Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
[Өөрчлөх] Улсын нэр
Албан ёсны нэр нь Япон Улс (Дэлхийн 2-р дайнаас өмнөх нэр нь Японы эзэнт гүрэн). Мөн эрт цагт Ямато гэх зэргээр нэрлэгдэж байжээ.
Япончууд өөрсдийнхөө улсыг "Ниппон", "Нихон" хэмээн нэрлэдэг. Гэхдээ түүхэн уламжлалаас үзвэл Ниппон гэдэг нэр нь арай эртнийх ажээ. Энэ нь ижилхэн Нарны Үндэс хэмээх утгатай нэр болно.
Энэхүү нэр нь анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Когрёо болон Пэкчэ улсуудын элчид хандсан бичигт "Бурхны сурвалжит Нарны үндэс улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.
Албан ёсны англи нэршил нь Japan(Жапан) бөгөөд JPN хэмээн товчилно.
Жэпээн (англи:Japan)、Жапон (франц:Japon)、Яапан (герман:Japan)、Жапонэ (итали:Giappone)、Хапон (испани:Japón)、Япония (орос:Япония)、Ипүн (тай:ญี๋ปุ่น) зэрэг нэрнүүд нь эртний хятад хэлээр "Япон Улс" гэсэн утга бүхий Жипангү (Xipangu) буюу Жапангу (Japangu) гэсэн үгнээс үндэстэй ажээ. Харин ханз үсэг хэрэглэдэг байсан улсуудад тухайн ханз үсгийн уг хэлэн дэх дуудлага болох Ильбон (солонгос:일본; 日本), Либэнь (хятад:日本)、Ньат Бан (вьетнам:Nhật Bản; 日本) зэргээр дууддаг байна. Монголчууд ч мөн адил нэрний нь утгаар "Наран Улс" хэмээн нэрлэх нь бий.
[Өөрчлөх] Нийслэл
Нийслэл хот нь Тоокёо (Дуудлагад нь ойртуулах үүднээс Токио хэмээн бичихээс зайлсхийв) нь Дэлхийн хамгийн том хотуудын нэг юм. Эзэн хааны ордноос гадна Парламент, Засгийн газар, Дээд Шүүх зэрэг газрууд байрлах тус орны улс төр, эдийн засгийн гол төв гэдэг утгаараа яах аргагүй нийслэл хот мөн боловч нийслэл нь Тоокёо хот мөн хэмээх хуулийн заалт үгүй.
[Өөрчлөх] Томоохон хотууд
Япон Улсад нийслэл Тоокёогоос гадна 2 саяас дээш хүн амтай дараах хотууд бий.
- Ёкохама: 3 сая 500 мянга орчим
- Оосака: 2 сая 600 мянга орчим
- Нагоя: 2 сая 100 мянга орчим
[Өөрчлөх] Түүх
Японы нутаг дээр оршиж байсан анхны улс нь түүхийн сурвалж бичгүүдэд дурьдсанаар 701 онд үндэслэгдсэн Гэнкооши боловч эртний улсууд нь Кинай(Кёото, Оосака, Нара) төвтэй байсан бөгөөд Кантоо-гоос умар, Кюүшүү гээс өмнөд хэсэг нь Ямато-д багтдаггүй байжээ.
Түүхийн явцад ойр хөрш Эмиши, Хаяато зэрэг үндэстнүүдийг нэгтгэн газар нутгаа тэлсээр байсан бөгөөд энэ хугацаанд гадаад оронтой хийсэн дайн гэвэл Солонгосын хойг болон Юань гүрэнтэй хийсэн хэдэн удаагийн дайнаас хэтрэхгүй ажээ. Ийнхүү 1872 онд өдгөөгийн газар нутгаа нэгтгэжээ. Дээрээс нь 20-р зууны эхэн гэхэд Тайвань, Солонгосын хойгийг нэгтгэж, Номхон далайн арлуудыг колоничилж, тоглоомын улс болох Манж-го улсаар дамжуулан Хятадын нэг хэсгийг захирч империалист улсын төрхийг олсон бөгөөд 1936 онд улсынхаа албан ёсны нэрийг Японы эзэнт гүрэн болгосон түүхтэй. Япон нь 1945 онд Дэлхийн 2 дугаар дайн(Номхон далайн дайн)-д ялагдсанаар тэрхүү эзэмшил нутгуудаа ихэнхийг нь алдаж, Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Холбоотнуудын удирлагад орсон юм.
Дайны дараах Япон Улс нь милитарист үзлээсээ татгалзан, 1947 оны 5 дугаар сарын 3-нд хүчинтэй болсон Японы Үндсэн Хуульдаа төрийн дээд эрхийг ард түмэн эдэлнэ хэмээн зааж, Үндсэн хуульт хаант засагт ардчилсан улс болсон билээ. Ийнхүү 1952 оны 4 дүгээр сарын 28-нд Япон Улстай байгуулах энхтайвны гэрээ (Сан-Францискогийн гэрээ) батлагдсанаар дахин тусгаар тогтнолоо олсон юм.
Улс байгуулагдсан огноог МЭӨ 660 оны 1-р сарын 1 гэж үздэг байна.
[Өөрчлөх] Газарзүй
Япон Улс нь Хоккайдоо, Хоншүү, Шикокү, Кюүшүү гэсэн 4 том арал болон Огасавара олтриг, Рюүкюү арлууд зэрэг жижиг арлуудаас тогтоно. Газар нутгийн хэмжээ нь ойролцоогоор 378 мянган км²
Оросын Холбооны Улстай Курилийн арлууд(өмнө хэсгийн арлууд), Хятад болон Тайваньтай Сэнкакү олтриг, БНСУ-тай Такэшима арал зэрэг маргаантай газар нутаг бий.
Өмнө талаараа Филиппин тэнгис, зүүн талаараа Номхон далай, баруун хойд талаарааЯпон тэнгис, баруун талаараа Дорнод Хятадын тэнгис, хойд талаараа Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.
Японы арлууд нь Евразийн тавцан, Номхон далайн тавцан, Филиппин тэнгисийн тавцан, Умард Америкийн тавцангуудын заагт орших тул газар хөдлөлт ойр ойрхон болох бөгөөд дэлхий дээр болдог газар хөдлөлтийн энергийн 10 - 20 хувь нь төвлөрдөг гэж үздэг.
Түүнчлэн галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй.
[Өөрчлөх] Захын цэгүүд
- Зүүн цэг
- Тоокёо, Маркас арал (Өмнөд Шувуу арал) (24°16'59"N, 153°59'11"E)
- Оросын Холбооны Улстай маргаантай нутаг болохКурилийн арлуудын Шүмүшү арлын Охакүзаки(50°N, 155°E) гэж үзэх явдал бий.
- Баруун цэг
- Окинава муж, Ёнагүни арал, Нишизаки (24°26'58"N, 122°56'01"E)
- Өмнөд цэг
- Тоокёо, Окинотори арал (20°25'31"N, 136°04'11"E)
- Умард цэг
- Хоккайдо, Эторо арал, Камойвакка(45°33'28"N, 148°45'14"E)
- Уг арал нь япончууд амьдардаг хэдий ч ОХУ-тай маргаантай хэвээр байгаа тул үүнийг оруулахгүй гэж үзвэл Хоккайдо, Вакканай дүүрэг, Бэнтэн арал,(Соояа;45°31'13"N, 141°56'27"E)
[Өөрчлөх] Уур амьсгал
Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг.
Өвлийн улиралд Сибирийн их даралтын нөлөөгөөр баруун хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог.
Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг.
Япон тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7-р сард (Окинавад 5, 6-р сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх Тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.
[Өөрчлөх] Төрийн байгуулал
Төрийн дээд эрх ард түмний гарт байх бөгөөд эзэн хаан нь улс төрийн эрхгүй, зөвхөн ард түмний бэлгэ тэмдэг болно. Парламент нь илүү эрх эдлэх бөгөөд төлөөлөгчдийн танхим болон зөвлөхүүдийн танхим гэсэн 2 танхимтай. Хууль тогтоох засаглалаас гадна Гүйцэтгэх засаглал болон Шүүх нь тусдаа орших боловч шүүх засаглал нь харьцангуй сул бөгөөд гүйцэтгэх засаглал нь хүчтэй байдгаараа Германтай төстэй.
Япон улс нь 2005 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 2,374 дүүрэг тосгон(740 дүүрэг, 1,303 хотхон, 331 тосгон)-оос бүрэлдэх бөгөөд сүүлийн жилүүдэд хот тосгод нэгдэх нь олширч байна. Түүнчлэн нийслэл Тоокёо хотод тусгай дүүргүүд(23)бий.
Түүнчлэн Япон улс нь засаг захиргааны өөрөө удирдах ёс бүхий 47 мужид хуваагдана.
Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд энэ хугацаанд цор ганц удаа 1993 оны сонгуулиар сөрөг хүчин болж байжээ. Өдгөө Коомэй нам (Шударга ёс нам)-тай эвсэж засгийн эрхийг барьж байгаа боловч Японы Ардчилсан Нам жилээс жилд хүчирхэгжиж, аажмаар 2 намын системд шилжиж буй.
[Өөрчлөх] Засаг захиргааны хуваарь
[Өөрчлөх] Хоккайдоо
- Хоккайдоо бүс - 1.Хоккайдоо
[Өөрчлөх] Хоншүү
- Зүүн хойд бүс - 2.Аомори - 3.Иватэ - 4.Мияги - 5.Акита - 6.Ямагата - 7.Фүкүшима
- Кантоо бүс - 8.Ибараки - 9.Точиги - 10.Гүмма - 11.Сайтама - 12.Чиба - 13.Тоокёо - 14.Канагава
- Төвийн бүс
- Хокүрикү бүс - 16.Тояма - 17.Ишикава - 18.Фүкүй
- Коошин-эцү бүс - 19.Яманаши - 20.Нагано - 15.Нийгата
- Тоокай бүс - 21.Гифү - 22.Шизүока - 23.Айчи
- Кинки бүс - 24.Миэ - 25.Шига - 26.Кёото - 27.Оосака - 28.Хёого - 29.Нара - 30.Вакаяма
- Чүүгокү бүс - 31.Тоттори - 32.Шиманэ - 33.Окаяма - 34.Хирошима - 35.Ямагүчи
[Өөрчлөх] Шикокү
- Шикокү бүс - 36.Токүшима - 37.Кагава - 38.Эхимэ - 39.Коочи
[Өөрчлөх] Кюүшүү
- Кюүшүү бүс - 40.Фүкүока - 41.Сага - 42.Нагасаки - 43.Күмамото - 44.Оойта - 45.Миязаки - 46.Кагошима - 47.Окинава
[Өөрчлөх] Эдийн засаг, аж үйлдвэр
Дэлгэрэнгүйг Японы эдийн засаг сэдвийг үзнэ үү.
Япон улс нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 2-рт ордог. Мөнгөний нэгж нь Йен(¥, yen).
Ерөнхийдаа Байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог.
Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг.
[Өөрчлөх] Хүн ам
- 126,925,843 (2000 онХүн амын тооллого)
- Ойролцоогоор 127 сая 670 мянга(2004 оны 2-р сар)
- Үүний дотор японы иргэний харьяалал бүхий хүмүүс 98.9%(2003 оны 8-р сар)
Орчин үед төрөлт багасч, хүн ам нь хөгширч байгаа үндэстэн юм. Нийт хүн ам нь 2007 оноос багасч эхэлнэ гэж үзэж байсан ч, аль хэдийнээ 2005 оноос багасч эхэлсэн ажээ. Энэ нь улс даяар 5-н жил тутамд нэг удаа явагддаг хүн амын тооллого судалгаа(国勢調査)-гаар маш тодорхой болно.
Түүнчлэн Саппоро, Сэндай, Тоокёо, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагоя, Кёото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшүү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн амын сийрэгшил, хөгшрөлт газар авч байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) -ын судалгаанаас үзвэл япончуудын дундаж наслалт эрэгтэйчүүд: 78.4, эмэгтэйчүүд 85.3 (2001 он) буюу дэлхийд хамгийн урт насалдаг үндэстэн юм. Түүнчлэн дундаж "эрүүл амьдрал" ч гэсэн эрэгтэйчүүд 72.3, эмэгтэйчүүд 77.7 (2001 он) байдаг нь мөн л дэлхийд тэргүүлэх үзүүлэлт ажээ.
[Өөрчлөх] Хэл яриа
Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.
[Өөрчлөх] Шашин шүтлэг
Шинтоо, Буддизмд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэгхристианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Исламын шашин, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
[Өөрчлөх] Боловсрол
- Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0%(эр: 100.0%, эм: 100.0%、2000 он)。1990 онд 99.8%(эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
- Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.
[Өөрчлөх] Соёл, зан заншил
- Японы соёл, Япон уран зураг, Японы кино урлаг, Япон ардын дуу хөгжим, Шинтоо
- Япон хүүхэлдэй, Оригами
- Ноо, Кёогэн, Кабүки, Бүнракү, Ракүго, Мансай
- Хайкү, Танка, Вака, Гэйша
- Цайны ёс
- Бүшидоо, Самүрай, Нинжа, Япон сэлэм, Чамбара
- Сүмоо, Бүдоо, Жүүдоо, Кэндоо, Кюүдоо, Каратэ, Бие хамгаалах урлаг
- Шооги, Го даам
- Япон хоол, Япон хувцас
- Японы урлаг
- Японы уран барилга
- Японы баяр наадам
[Өөрчлөх] Дэлхийн өв
Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий. Дэлгэрэнгүйг Японы Дэлхийн өв сэдвээс үзнэ үү.
[Өөрчлөх] Бүх нийтээр тэмдэглэх баярууд
Огноо | Баяр | Тайлбар |
---|---|---|
1 дүгээр сарын 1 | Шинэ жил | |
1 дүгээр сарын 2 дахь Даваа гариг | Насанд хүрэгсдийн өдөр | Тухайн жилд 20 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ. |
2 дугаар сарын 11 | Тусгаар тогтнолын өдөр | |
3 дугаар сарын 21 орчим | Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга |
4 дүгээр сарын 29 | Шоовагийн өдөр | Хирохито хааны төрсөн өдөр |
5 дугаар сарын 3 | Үндсэн хуулийн өдөр | |
5 дугаар сарын 4 | Ногоон өдөр | |
5 дугаар сарын 5 | Хүүхдийн баяр | |
7 дугаар сарын 3 дахь Даваа гариг | Далайн өдөр | |
9 дүгээр сарын 3 дахь Даваа гариг | Ахмадын өдөр | |
9 дүгээр сарын 23 орчим | Намрын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны намрын тайлга |
10 дугаар сарын 2 дахь Даваа гариг | Биеийн тамирын өдөр | |
11 дүгээр сарын 3 | Соёлын өдөр | Мэйжи эзэн хааны төрсөн өдөр |
11 дүгээр сарын 23 | Хөдөлмөрийг хүндэтгэх өдөр | |
12 дугаар сарын 23 | Эзэн хааны төрсөн өдөр |
- Баярын өдөр Ням гаригт таарвал дараах өдөр буюу Даваа гаригт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр (5 дугаар сарын 4) Бүх нийтийн амралтын өдөр болдог.
[Өөрчлөх] Байгаль орчин
[Өөрчлөх] Мөн үзэх
- Японы эзэн хаан
- Үндсэн хуульт хаант засагт улс
- Японы Үндсэн Хууль
- Японы Эзэнт Гүрэн
- Японы гадаад харилцаа
- Япон хэл
- Ямато
- Айнү
- Рюүкюү
[Өөрчлөх] Гадаад холбоос
- Япон Улсын Ерөнхий Сайд
- Парламентын Төлөөлөгчдийн Танхим
- Парламентын Зөвлөхүүдийн Танхим
- Дээд Шүүх
- Эзэн хааны ордон
- Статистикийн газар
- Japan - A Huge Directory of Japan in English
Их Найм |
---|
|
Categories: Япон | Их Наймын орнууд | Зүүн Азийн орнууд | Арлын орнууд